Аагим халуун зуны өдөр Ижил мөрний эргийн торгон шар элсэн дээгүүр хөлөг онгоц чирэн зүтгэх ноорхой эрс... Энэ бол Репиний “Хөлөг онгоц чирэгчид” буюу “Ижил мөрний барлагууд” зураг. Уран зургийг ойлгож уншдаг хүмүүс энэхүү зураг бол хүн төрөлхтөний бүтээсэн нэгэн сод бүтээл гэдгийг нэгэн дуугаар батлах байх. Дунд сургуульд үзэж байсан дүрслэх урлагийн номон дээр маань энэ зургийг мэргэжлийн хүний нүдээр уншсан тайлбарыг уншиж байж л, энэ зураг бол үнэхээр сайн бүтээл юм гэдгийг ойлгож билээ.

Арван нэгэн эр арван нэгэн өөр ертөнц, арван нэгэн өөр амьдралаа чирэн яваа төрх нүдэнд минь тусдаг. Тэдний чирч яваа аварга том хөлөг бол амьдрал юм. Түүний нүсэр хүнд их биенд гоо сайхан, зовлон гуниг, сүр хүчин, баян хоосон бүхэн багтаж байгаа. Энэ бол миний л ойлголт, дүгнэлт. Харин энэ зургийг харсан анхны мөчөөс л сэтгэлд буусан, хэзээ ч хариултыг нь мэдэж чадахгүй нэгэн асуулт байдаг нь эдгээр ядуу эрс хүнд ажлаа дуусгаад оройн сэрүүнд хаашаа зүглэх бол гэсэн асуулт. Хачин санагддаг юм. Хамгийн эхэнд зүтгэж яваа хижээл насны хоёр эр бол юм үзэж нүд тайлсан толгойнууд байх гэж би боддог. Энэ хоёрт магадгүй ар гэр, эхнэр хүүхэд гэж байхгүй байж магад. Оройхон тийшээ хүнд ажлын алжаалаа тайлахаар тамхины утаа суунагласан, дэнгийн бүдэг гэрэл сүүмэлзсэн уушийн газар орон том шавар аяганд шар айраг дүүргэн сэтгэл хангалуун залгилах байхдаа гэж төсөөлдөг. Дунд хавьд зогсож буй цагаан арьстай өндөр цагаан залуу бол эдний эгнээнд элсээд удаагүй байгаа хүн. Цаашид ч удна гэдэгт би эргэлздэг. Магадгүй боломжтой айлын бодлогүй нэгэн танхи жаал байж магадгүй юм. Өчүүхэн зүйл дээрээс гэрийнхэнтэйгээ марган энд үйлээ үзэж буйдаа дотроо ихэд харуусан, эргээд очмоор байвч нэрэлхүү зандаа л баригдаад байгаа болов уу гэмээр. Энэ хүн ажлаа дуусгаад үе тэнгийн баян найзууд дээрээ очин өөрийн хүч хөдөлмөрөө “боломжийн” амьдарч байгаагаа гайхуулан ярьж тамхи татан сууна биз. Гаанс зуусан өндөр хүзүүтэй хөрслөг эр бол Франц, Итали орчмоос олон жилийн өмнө цагаачилж ирсэн нэгэн гэж төсөөлөгддөг. Түүний талаар хаа нэг хов жив яригдахаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл энэ орчны хүмүүст огтхон ч байхгүй нууцлаг нэгэн гэдэгт би итгэлтэй байдаг. Өөр олон зүйлийн төсөөллөө бичмээр байвч урлагийг арай ч ийм амарханаар тайлбарлагдаггүй байх гэж бодохын үүднээс үгээ татъя. Мэддэг нэг нь мэдлэгээ харамгүй түгээнэ бизээ.








